Monday, December 7, 2009

ХДХВ-ийн халдварын тархалтын байдал, сэрэмжлүүлэх зөвлөмж

Манай улс 1987 оноос өнөөг хүртэл 1,7 сая гаруй хүнд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийснээс халдвартай 61 тохиолдол илэрч, 16 нь ДОХ-ын үе шатандаа орж өвчилсөн, үүнээс 8 нь уг өвчний улмаас нас барсан, 12 хүн нь ХДХВ-ийн эсрэг өвөрмөгц эмчилгээ хийлгэж байна. Бусад нь вирүс тээгч халдвартай шатандаа байна.


ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1-ээс бага, тодорхой дэд бүлгүүд болох сүрьеэтэй өвчтөний дунд 0.15%, ижил хүсэрхэгч эрэгтэйчүүдийн дунд 0.85%-ийн тархалттай байгаа боловч сүүлийн жилүүдэд илрэлт нэмэгдэх хандлагатай байна.


Орон нутгаас 12 хүн халдвартай илэрч, үүнээс 8 нь орон нутгийн эмнэлгийн хяналтанд байна. Халдвартай 3 эмэгтэй жирэмслэж төрсөн, хүүхдүүд нь халдваргүй эрүүл бойжиж байгаа ба одоо 2 эмэгтэй жирэмсэн хяналтанд байна.
Халдвартай хүмүүсийг судлаж үзэхэд бүгд 15-55 насныхан, 80.0% нь эрэгтэй, 81.0% нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73,4% нь ажилгүй, 84.0% гэр бүлгүй, 1/3 нь гадаадад явж байхдаа халдвар авсан, эдгээр хүмүүс бүгд бэлгийн хавьтлын замаар халдварт өртсөн, эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь бэлгийн ижил хүйсэрхэгч чиг хандлагатай, эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь биеэ үнэлэх зан үйлтэй бөгөөд тэдний дунд архичин, гэр оронгүй, тодорхой хаяггүй, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн замын халдварт өвчтэй, ядуу, нэн ядуу гэх мэт нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна.


Өнгөрсөн хугацаанд ХДХВ-ийн халдвартай 3 эмэгтэй жирэмслэж төрсөн бөгөөд хүүхдүүдэд нь халдвар дамжихаас сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эрүүл бойжиж байна. Одоо 2 эмэгтэй жирэмсэн байна.
Манайд байгаа гадаадын иргэдээс ХДХВ-тэй 6 тохиолдол илэрсэн.
ДЭМБ-аас 2009 онд гаргасан урьдчилсан тооцоогоор Монголд ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй хүний тоог 500 хүртэл гэж тооцжээ.
ХДХВ-ийн халдварын дамжин тархахад нөлөөлж байгаа бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн жилүүдэд ихсэж жилд 23.000-25.000 хүн өвчилж, 10-11 хүүхэд төрөлхийн тэмбүү өвчтэй төрж байна.


Хүн амын дунд ХДХВ/БЗДХ-ын тархалтын хандлагыг 2002-2009 онд 6 удаа харуулдан тандаж судлаж ирлээ. Энэхүү судалгаанаас үзвэл хүн амын эрсдэл багатай бүлэг болох жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэтэй өвчтөний дунд тэмбүү өвчний тархалт 1.7-2.3% байна.


Хүн амын эрсдэлт өндөртэй бүлэг болох биеэ үнэлэгч, ижил хүйсэрхэгчдийн дунд 11-21%, эрсдэлтэй болон эрсдэл багатай бүлгүүдийн хооронд халдварыг зөөвөрлөн дамжуулж тараагч гүүр хүн амын бүлэг болох хөдөлгөөнтэй явуул эрэгтэйчүүд, бэлгийн замын өвчнөөр өвчилж, эмнэлэгт хандаж ирсэн залуу эрэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчний тархалт 4-6% байна.


Эндээс дүгнэж үзвэл хүн амын аль ч тодорхой бүлгүүдийн дунд тэмбүү өвчний халдвар 2-22%-ийн тархалттай байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, бэлгийн замын өвчний учир эмнэлэгт хандаж үйлчлүүлсэн эрэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ өвчтэй анх оношлогдож байгаа өвчтөнүүдийн дунд тэмбүүгийн өвчлөл ихсэх хандлагатай байна.


Энэхүү харуулдан тандах судалгааны хүрээнд цусны шинжилгээний зэрэгцээ эдгээр хүмүүсээс бэлгийн зан үйлийн асуумж судалгаа авч, БЗДХ/ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлаж дүгнэлт хийсэн байгаа. Үүнээс үзвэл хүн амын энэ талаарх мэдлэг сайн боловч өөрийгөө халдвараас хамгаалах дадал хэвшил тухайлбал тохиолдлын хавьтлаас татгалзах, тэвчих, зайлсхийх нь ховор, бэлгэвч хэрэглэх нь 25% орчим, бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн үедээ эмнэлэгт оройтож ханддаг учир ихэвчлэн далд хэлбэрт орсон хойноо илэрдэг, бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлэхээс зайлхийдэг, эрсдэлтэй хөдөлгөөнт байдалд амьдардаг болсон, ядуурал, ажилгүйдэл, архидалт зэрэг амьдралын суурь үзүүлэлт таарухан байгаа нь нөлөөлж байна. Олон улсын аргачлалаар, өөрийн орны нөхцөлд тохируулан жилээс жилд боловсронгуй болгон хийсэн судалгааны дүгнэлт, дэлхий дахинд үр дүнгээ өгч байгаа арга туршлагуудад үндэслэн ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх талаар дараах зөвлөмж, сэрэмжлүүлэгийг өгч байна. Үүнд:


- ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх талаарх төрийн бодлого хууль эрх зүйн зохицуулалтыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох шаардлагатай байна.
- ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар хүн бүр үнэн зөв бодит мэдээлэл олж авах, түүнийгээ амьдрал ахуйн нөхцөлд хэрэглэх дадал хэвшил болгон эзэмшиж, хэрэгжүүлэх
- Залуу хүмүүсийн бэлгийн замын эрхтэний салслагын хучуур, бортгон эсүүдийг бүрэн төлжиж гүйцэх (18-20 нас) хүртэл анхны бэлгийн харьцааг тэвчих
- Гэр бүлийн болон бэлгийн хосууд бие биедээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх, тэвчих, татгалзах замаар аль болох цөөхөн бэлгийн хавьтагчтай байхыг эрхэмлэх
- Эрсдэлтэй байх магадлалтай бэлгийн хавьтлаас зайлхийх, аюулгүй сексийн арга (хосоо тэврэх, үнсэх, илэх, өөртөө болон харилцан биендээ гар хангалага хийх, орлох хэрэгслэл болон эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх ) - д суралцах, шаардлагатай үед хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байх
- Тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвч (эрэгтэй, эмэгтэй) тогтмол хэрэглэх нь хосуудын ердийн хэрэгцээ болж хэвших, биедээ бэлгэвч байнга авч явах, хэрэглэх арга эв дүйтэй байх
- Бэлгийн замын өвчний шинж тэмдэг өөрт мэдрэгдвэл эмчид яаралтай хандаж бүрэн эмчлүүлэх, бэлгийн хостойгоо хамт эмчлүүлэхийн ач холбогдлыг ойлгож, хандах
- ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хандаж байх
- Үйлчлүүлэгчид ээлтэй БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах
- ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй нийгмийн харилцааны орчин бүрдүүлж, тэдэнтэй ойр дотно хамтарч ажиллах
- Ижил хүйсэрхэх, биеэ үнэлэгчээр үйлчлүүлэх, биеэ үнэлэх, мансуурах бодис тарьж хэрэглэх нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй байдгийг ойлгож, хэрэв ийм эрсдэл байгаа бол өөрийгөө хамгаалах сэргийлэхэд илүүтэй анхаарах нь зүйтэй
- Эрэгтэй бэлэг эрхтэний шамрамын арьсыг тайрч авах нь эрэгтэйчүүд өөрсдөө халдвар авах болон бусдад халдвар тараах эрсдлийг ихээхэн бууруулдаг болохыг дэмжих
- Микробицидийн гелийг бэлгийн хавьтлын үед үтрээнд хийж хэрэглэх нь халдвар авах болон тараах эрсдэлийг бууруулдаг учир сурталчлан таниулах, хангамжийг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг бий болгохыг зөвлөе.
- Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх талаар төр засгаас бодлогын чанартай наад захын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх:
- Сургуулиар олгож байгаа бэлгийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг чанартай болгох, цагийг нэмэгдүүлэх, сурах бичиг гарын авлага, сургалтын хэрэгслэлээр хүртээмжтэй хангах, заадаг багш нарыг хүрэлцээтэй болгох,
- Хүн амд хэрэгцээтэй эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, микробицидийн гелээр хангах, оршин суугаа газраа ХДХВ/ДОХ-ын сайн дурын зөвлөлгөө шинжилгээнд хамрагдах боломжтой болгох
- ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлэх нөлөөтэй, одоогоор хүн амын дунд тархмал байгаа тэмбүү мэтийн БЗДХ-т өвчний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулан эмчлэх тогтолцоог бий болгох г.м арга хэмжээ авах нь зүйтэй байна

No comments:

Post a Comment