Monday, December 7, 2009

Хараа засах лазерийн мэс засал Монголд

Монголчууд бид хараа муудвал эсвэл шил зүүдэг, эсвэл линз зүүдэг, мөн санхүүгийн боломжтой нэг нь гадаадад өндөр үнээр лазерын мэс засал хийлгэдэг билээ. Харин өнгөрөгч 9-р сараас эхлэн монголд энэ мэс заслыг хийж эхэлжээ. Энэ чухам ямар учиртай мэс засал болох, хэрхэн хийдэг, хэнд хийж болдог, болдоггүй талаар “Болор мэлмий” нүдний эмнэлгийн АУ-ы магистр эмч Ч.Чимгээ болон эмч А.Буяндэлгэр нартай хамтран энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

НҮДНИЙ БҮТЭЦ, ХАРАА ГЭЖ ЮУ ВЭ
Хараа засах мэс заслын тухай мэдээлэл өгөхийн тулд эхлээд нүдний ерөнхий бүтэц, үйл ажиллагааг товчхон тайлбарлах шаардлагатай байдаг. Ер нь нүдийг зургийн аппараттай зүйрлэж болдог. Гэрэл дамжуулах буюу хугалах орчны үүргийг эвэрлэг, болор гүйцэтгэдэг, харин нүдний торлог нь гэрэл хүлээж авах үүргийг гүйцэтгэдэг. Торлог дээр тусгай эсүүдийн тусламжтайгаар дүрс бий болж, тэр нь цааш мэдрэлийн импульс болж хувираад харааны мэдрэлийн тусламжтайгаар тархинд очсоноор хараа үүсдэг байна.

ХАСАХ, НЭМЭХ ШИЛНИЙ ҮЙЛЧЛЭЛ
Хэрэв эвэрлэг бүрхүүл, болор хоёр нь гэрлийг хугалахдаа фокусыг торлог дээр буулгахаар хугалж байвал тод дүрс бий болдог. Харин гэрлийн туяа нүдний эвэрлэг, болороор хугалагдаад торлог дээр тусч чадахгүй бол хүн муу, бүдэг хардаг. Хэрэв гэрэл торлогийн наана тусвал хасах шил зүүдэг, торлогийн цаана тусвал нэмэх шил зүүдэг байна. Хасах шил бол харааг сайжруулахын тулд гэрлийн хугалах хүчийг багасгах үйлчилгээтэй, харин нэмэх шил бол хугалах хүчийг ихэсгэх үйлчилгээтэй юм. Хүмүүс ихэвчлэн ойрын хараанд нэмэх, холын хараанд хасах шил зүүдэг гэж ойлгодог. Гэтэл энэ бол тийм биш. Холын хараанд нэмэх шил зүүдэг бөгөөд ойрдоо илүү нэмэх шил зүүдэг хүмүүс ч байдаг.

МУУДСАН ХАРААГ ЗАСАХ
Үндсэн 3 арга бий.
• Нүдний шил
• Контакт линз
• Мэс заслын арга
Шил. Шилний давуу тал нь хэрэглэхэд хялбар. Сул тал нь, харж байгаа зүйлсийн бодит хэмжээ өөрчлөгдөж харагддаг, өндөр хасах болон холимог харааны үед хугарлын гажиг бүрэн засагдахгүй, ахуйн хязгаарлалттай (спортоор хичээллэх, усанд сэлэх гэх мэтэд бэрхшээлтэй, гэмтэл авахад шилний хэлтэрхий нүдийг гэмтээх эрсдэлтэй).
Контакт линз. Давуу тал нь, харж байгаа зүйлсийн бодит хэмжээ өөрчлөгдөхгүй, хугарлын гажиг бүрэн засагдах боломжтой, ахуйн хязгаарлалт байхгүй. Сул тал нь, эвэрлэгийн хэвийн “амьсгалыг” алдагдуулна, контакт линзээр гэмтэж, цаашид цагаа унах хүртэл хүндрэл гарч болзошгүй байдаг, линз таарахгүй байх, их арчилгаа шаарддаг, холимог харааны гажгийг бүрэн засах боломжгүй гэх мэт.

МЭС ЗАСЛЫН ЗАРЧИМ
Дээр дурьдсанаар, гэрлийг хугалахад оролцдог нүдний эвэрлэг бүрхүүл нь таван давхаргаас бүрддэг байна. Лазерийн маш нимгэн хутгаар энэ эвэрлэг бүрхүүлийн эхний хоёр давхаргыг зүсэн сөхөж байгаад үлдсэн гурван давхаргын төв хэсэгт лазер туяагаар шарж, эвэрлэгийг нимгэлдэг. Ингэхэд гаднаас нэвтрэх гэрлийн туяа нүдний угт байх торлог дээр зөв тусдаг болдог. Товчоор хэлбэл лазерийн мэс заслаар эвэрлэгийг нимгэлэхэд хугалах хүч нь багасаж, гэрэл торлог дээр зөв тусдаг гэсэн үг. Өмнө нь хийгддэг байсан мэс заслын аргаас ялгаатай нь, эвэрлэгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаггүй учир тунгалаг чанар, бөх бат байдал нь хадгалагддаг.

МЭС ЗАСЛЫГ ХЭНД, ЯАГААД ХИЙЖ БОЛДОГГҮЙ ВЭ
Энэхүү мэс заслаар нэмэх шил зүүдэг хугарлын гажгийн үед +6.00 хүртэл, хасах шил зүүдэг хугарлын гажгийн үед -18.00 хүртэл, цилиндр шил зүүдэг хугарлын гажгийн үед ± 6.00 хүртэл хэмжээний диоптрын хугарлын гажгийг арилгах хүчин чадалтай. Онолын хувьд -1 гэх мэт бага хараа¬тай хүнд хийж болно. Гэхдээ хийхийг зөвлөдөг¬гүй. Учир нь 40 нас гараад угаас хүний ойрын хараа мууддаг бөгөөд энэ үед хараа саармагжиж ойрын хараа харьцангуй сайн хэвээр үлддэг. Үүнийг ашигтай харааны гажиг ч гэдэг. Ихэвчлэн 18-45 насны хүмүүст хийдэг боловч хүнд хэлбэрийн зарим нэг нүдний хугарлын гажгийн үед хараа мохохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдэд хийж болдог. Гэхдээ нүд зөвхөн харааны гажигтай л байх ёстой буюу ямар нэгэн өвчтэй байж болохгүй. Тодруулбал, нүдний үрэвсэл болон даралт, шилэнцрийн бүдэгшил, торлогийн хууралт зэрэг нүдний бусад өвчтэй хүмүүст энэхүү хараа засах лазерын мэс заслыг хийж болдоггүй.
Мөн хараа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй буюу тогтсон байх ёстой. Тийм ч учраас 18-аас доош насны хүүхдүүдэд тэр бүр хийдэггүй. Мөн жирэмсэн, халдварт өвчтэй, чихрийн шижинтэй, биеийн дархлааны систем нь өвчилсөн хүмүүст энэ мэс заслыг хийхийг хориглодог. Энэхүү мэс заслын үед нүдэнд тариа ч хийхгүй буюу зөвхөн эм дусааж мэдээ алдуулдаг. Тиймээс нүдний хэлбэр, харц, нүдний эргэн тойронд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Мэс засал дунджаар 8-10 минут үргэлжил¬дэг. Хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, мэс засал хийгдсэн тухайн өдрөө гэртээ гарч, долоо хоног орчим гэрээр эмээ дусааж, хоёр дахь долоо хоногоос ажилдаа хэвийн явж болдог. Нүдний шил удаан зүүсэн хүмүүсийн нүд нь цааш хүнхийж орсон юм шиг харагддаг гэж хүмүүс их ярьдаг. Гэхдээ онолын хувьд тийм зүйл байх ёсгүй. Хасах шил зүүдэг хүмүүсийн нүд шилний цаанаас жижгирч, харин нэмэх шил зүүдэг хүний нүд томорч харагддаг. Ингээд шилээ авахаар өөр юм шиг харагддаг тал бий. Түүнээс биш анатомийн хувьд нүдний орчимд бүтэц, өөрчлөлт ордоггүй байна.

МЭС ЗАСЛЫН ДАРАА…
Мэс засал хийлгэснээс хойш тодорхой арчилгаа хийх, дэглэм барих шаардлагатай. Тухайлбал, хагалгаанаас хойш зургаан сарын хугацаанд жирэмсэлж болохгүй, саун, бассейны усыг нүдэндээ оруулахыг хориглодог, мөн наранд шарагдах, хүнд юм өргөх, ялангуяа эвэрлэг бүрхүүл маш эмзэг байдаг учир нүдээ хамаагүй нухаж болдоггүй. Нүдэндээ эмчийн зөвлөсөн эмийг байнга дусаах хэрэгтэй. Мэс заслын дараа дахин хараа муудахгүй. Учир нь угаас хараа нь тогтчихсон хүнийг л мэс засалд оруулдаг. Тиймээс хагалгаанд орох эсэхийг шийдэхийн тулд урьдчилаад нэлээд нарийн шинжилгээ өгдөг юм.

МЭС ЗАСЛЫН ҮР ДҮН
Тухайн хүний хараа шилээ зүүхэд 100 хувь харж чаддаг бол хагалгаанаас 100 хувийн үр дүн гарч, эрүүл хүн шиг хардаг болно. Хэрэв шил зүүхэд хараа нь 70, 80 хувь засарч байвал хагалгааны дараа мөн шил зүүхгүйгээр 70, 80 хувьтай харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хагалгааны үр дүн нь харааны шилээр хэр зэрэг засардгаас хамаардаг. Иймд шил зүүхэд 50 хувиас дээш засардаг бол лазер хагалгаа илүү үр дүнтэй болдог байна. Ер нь хүмүүс өндөр, нам төрдөг шиг хүн амын 50 хувь нь нэмэх, хасах хараатай төрдөг. Үүнийг өвчин гэж үздэггүй. Хүн харааны шилээ зүүгээд сайн харж чадаж байгаа бол эрүүл гэж тооцогддог байна

No comments:

Post a Comment