Monday, December 7, 2009

Спортоор стресс бухимдлаа тайлах нь эрчүүдэд хамгийн тохиромжтой

Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлог
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүй маш их ялгаатай байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд өөрийнхөө сонирхол дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг, үзэл бодлоо тууштай хамгаалж чаддаг бол эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөндөө хэтэрхий автамтгай, түүндээ захирагдаж, өөрт хэрэгтэй байгаа зүйл дээрээ тулгуурлаж шийдвэрээ гаргадаг байна. Үүнээс болж эр эм хоёр хүн хоорондоо зөрчилдөх нь түгээмэл байдаг аж.
Мөн эр, эм хүмүүсийн амьдрал дээр гаргадаг шийдвэрийг нь судалж үзэхэд эрчүүд шийдвэр гаргахдаа илүү шийдэмгий байдаг бол эмэгтэйчүүд нэлээд бодож тунгааж байж шийдвэрээ гаргадаг байна. Сэтгэлзүйн энэ онцлогийнх нь үр дүнд амьдралынх нь олон асуудал хөвөрч эхэлдэг. Эрчүүд яарч шийдвэр гаргаснаасаа болж хожим амаа барих нь элбэг байдаг байна. Харин хүүхнүүд цаг хугацаа алдсандаа өөрийгөө буруушаах нь олонтаа байдаг хэмээн сэтгэл судлаачид тайлбарладаг ажээ.

Эрчүүд стресст илүү их автдаг
Нэгэн хошин шогийн жүжигт хамгийн их стресстэй хотоор Улаанбаатар орж, Гиннесийн номд бүртгэгдсэн талаар гарч байсан. Үнэндээ ч өнөөдөр бухимдалгүй хүн цөөхөн байгаа биз. Тэр дундаа эрчүүд өөрсдийнхөө онцлогоос хамааран бүсгүйчүүдээс илүү их стресст орж, бухимддаг байна. Эрчүүд стрессийг гүн гүнзгий хүлээж авдаггүй хэрнээ олон жижиг зүйлсийг бодсоор байгаад тэр жижиг зүйлс нь нэг цэгт цугларч, нэгэн бүхэл болдог гэнэ. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ тэр олон жижиг зүйлсийг нэг бүрчлэн мэдэрдэг хэрнээ түүнийгээ буцааж гаргахдаа эрчүүдээс хавьгүй илүү байдаг байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд стрессээ тайлаад сурчихсан байдаг. Эрчүүдийн хувьд бухимдал, стрессээ тайлах, өөрийгөө нээх тал дээр эмэгтэйчүүдээс учир дутагдалтай байдаг гэнэ. Зөвхөн дотроо бодож, шаналаад яваад байдаг болохоор эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их бухимдаж, стресст ордог байна. Тэр шаналал, стрессээ бусдад ярьж, бухимдлаа тайлъя гэж хэчнээн хүссэн ч ингээд хэлчихвэл намайг юу гэж бодох бол гэсэн бодол нь давамгайлдаг аж. Ингэснээр эрчүүд бусадтай, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэйгээ өөрийн бухимдлаа хуваалцаж чаддаггүй гэдгийг сэтгэл судлаачид тогтоожээ.

Стресст хэт автсанаар нойргүйтэж, ходоод өвддөг
Ямар ч хүн их, бага хэмжээгээр стресст автдаг. Харин түүнийгээ яаж гаргаж байна вэ гэдгээс их зүйл хамаардаг байна. Ялангуяа эрчүүд гүнзгий стресст авдаг. Хэтэрхий стресст автчихсан, түүнийгээ ил тод гаргаж чаддаггүйгээс эрчүүдийн хувьд стресс нь өөр байдлаар илэрч гардаг байна. Тухайлбал ходоод нь өвдөх, толгой нь өвдөх, нойргүйтэх, хоол унднаас гарах зэрэг байдлаар стресст орсны шинж нь илэрдэг байна. Энэ талаар сэтгэл судлаачид зарим нэг судалгаа хийжээ. Эр хүний генд нь дотогшоогоо чиглэсэн, нээлттэй бус зан чанар түлхүү байдаг аж. Тиймээс ч өөрт тохиолдсон зовлон бэрхшээл, уур бухимдлаа дотроо хадгалснаар дотроосоо өвдөж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл эрт хөгширч, сэтгэл санаагаар унаж эхэлдэг. Ингэснээр 30 настай залуу 40 настай хүн шиг бодож сэтгэдэг, цаашлах юм бол биеийн байдал нь ч 40 настных шиг болдог байна.

Эрчүүд спортоор хичээллэж стрессээ тайлах нь илүү тохиромжтой
Монгол эрчүүдийн хувьд юмаа их хурааж нөөснөөр амархан стресст авдаг гэдгийг дээр өгүүлсэн. Харин эрчүүд маань энэ их стресс, бухимдлаа тайлах аргыг төдийлөн олж чаддаггүй байна. Эрчүүдийн стресс бухимдал бөөгнөрч байгаад гэнэт хүчтэй дэлбэрч гардаг аж. Бүх зүйлийг үргэлж хадгалж, цаашаа дарж байна гэж байдаггүйг сэтгэл судлаачид онцолж байгаа юм. Хурааж нөөсөн бүх юм хэзээ нэгэн цагт эргэж гарч ирж, сөхөгддөг байна. Ингэснээр гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө буруу цагт буруу байдлаар бухимдлаа гаргах нь цөөнгүй бий. Тиймээс өөрийнхөө сэтгэл дотроо байгаа зүйлийг бага дээр нь аль болох цэгцэлж, цэвэрлэж, гаргаж байх хэрэгтэй. Гэхдээ түүнийгээ гаргалаа гээд хэн тааралдсанд нь ярих, эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргахыг тэвчих хэрэгтэйг сэтгэл судлаачид зөвлөж байна. Эдгээр нь ямар нэгэн байдлаар эргэж өөрт нь асуудал үүсгэж, бухимдлыг нь улам нэмэгдүүлдэг байна.
Тиймээс эрчүүдэд ямар аргаар стрессээ тайлах нь үр дүнтэй талаар сэтгэл судлаачид дараах зөвлөгөөг өгч байна. Стрессийг үг яриа болон хөдөлгөөн гэсэн хоёр аргаар гадагшлуулдаг байна. Эрчүүдийн тухайд үг ярианы арга нь төдийлөн таардаггүй. Учир нь олон эмэгтэйчүүдийн дунд ажилладаг эрчүүд ажлынхантайгаа тэр болгон бухимдлаа хуваалцаж, долоон булчирхайгаа тоочдоггүй. Монгол хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд хүний нууцыг тэр болгон хадгалаад бусдад дэлгэхгүй байна гэдэг ховор үзэгдэл гэнэ. Энэ мэтчилэн олон хүчин зүйл эрчүүдийг үг яриагаар стрессээ гаргаж чадахгүйд хүргэдэг аж. Тиймээс эрчүүдийн хувьд спортоор хичээллэх нь хамгийн зөв, тохиромжтой арга юм. Спорт клубт нэг цаг гүйгээд хөлсөө гаргасан байхад сэтгэл санаа тайвширч, тэр гаргасан хөлстэй нь стресс хамт гадагшилдаг байна. Үгүй бол өглөө эрт гүйж болно. За тэгэх цаг зав хомс байдаг бол гэртээ биеийн тамирын дасгал хийхэд цөөн минут зарцуулахад хангалттай. Мөн амралтын өдрөөр ч юм уу хөдөө агаарт гарч болох юм. Гэхдээ агаарт гарлаа гэхэд мөн л их юм бодох нөхцөлийг бүрдүүлж өгдөг болохоор өөрийгөө аль болох завгүй байлгах хэрэгтэй байдаг байна.

No comments:

Post a Comment